Австралийн визний тухай

Австралид байнга оршин суух эрх олгодог хэд хэдэн үндсэн урсгалууд байдаг.

– Мэргэжил чадвараараа:

Энд Австралид шаардлагатай байгаа мэргэжлээр мэргэшсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй, Австралид дутмаг байгаа боловсон хүчний дутагдлыг нөхөх зорилгоор олгогддог визний ангиллууд багтдаг. Тусгай шаардлага хангасан мэргэжилтэй боловсон хүчин нь бие дааж, мөн ажил олгогч юм уу австралийн засгийн газраар спонсорлуулах, аль эсвэл бизнес ур чадвараараа Австралийн эдийн засаг ард олонд үлэмж хэмжээний хувь нэмэр оруулж чадах бол энэ ангиллаар өргөдөл гаргаж болно. Мөн урлаг спортын онцгой авьяастангууд энэ ангиллаар өргөдөл гаргах боломжтой.

– Төрөл төрөгсдийн урсгал:

Энэ урсгал нь Австралийн иргэн, Австралийн байнгын оршин суугч болон Шинэ Зеландын тусгай статус бүхий иргэдэд өөрийнхөө гэр бүлийн гишүүн болох эхнэр, нөхөр, хүүхдээ спонсорлох замаар цагаачлах боломж олгодог. Мөн таны ойрын төрөл төрөгсөд болох эцэг эх, өнчирсөн хамаатан, өндөр настай болж өөрөөс чинь хамааралтай болсон төрөл төрөгсөд, асран хүмүүжүүлэгч болон үлдсэн төрөл төрөгсдөө спонсорлож цагаачлуулах боломж бий.Энэ ангилал нь Австралид амьдардаг үр хүүхдээрээ спонсорлуулж Австралид байнга оршин суух эрх өгдөг виз юм. Өргөдөл гаргах үедээ эцэг/эх нь Австралийн гадна байх шаардлагатай. Мөн таны эцэг/эхийн бүх хүүхдүүдийн ядаж хагас нь Австралид байнгаар оршин суудаг байх ёстой. Жишээ нь танай эцэг/эх 3 хүүхэдтэй бөгөөд 2 хүүхэд нь Монголд, та өөрөө Австралид суудаг бол таны эцэг/эх энэ ангиллаар орох боломжгүй гэсэн үг юм.Энэ урсгалын бас нэг шинж чанар нь хүлээлгийн хугацаа маш урт байдаг

– Хүмүүнлэгийн:

Хүмүүнлэгийн: Австрали улс нь хүний эрхийн талаарх олон улсын гэрээ конвенцүүдийг хүлээн зөвшөөрч нэгдсэн бөгөөд өөрт хүлээсэн үүргийнхээ дагуу дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж хамгаалалт үзүүлэх зорилгоор дүрвэгчдэд австрали улсад түр болон байнгаар оршин суух орогнол олгодог юм.

Тиймээс дээр дурьдсан бүхий л төрлийн виз, тухайлбал Австралид оршин суух бүх төрлийн байнгын виз, Австралид оршин суух бүх төрлийн түр виз (оюутны виз, түр хугацаагаар ажиллах гэх мэт), Аялал жуулчлалаар Австралид зорчих, Хүмүүнлэгийн (дүрвэгчдийн виз), Австралийн иргэн болох өргөдөл гаргах зэрэгт Албан ёсны лицензтэй Цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч (Registered Migration Agent, MARN: 0955088) хууль зүйн үйлчилгээ бид үзүүлж байна.